Monday, January 25, 2010

Хичээл тарчихсан уу?



Хичээл тарчихсан уу?
Гялс хаалгаа түгжээрэй, ярих юм байна...!!!

Манай анги үнэн дарамттай юмаа. Бөөн фракц. ( фракц гэж бидний хэлж заншсанаар үзэл бодол нийлдэг хэсэг оюутнуудын бүлэглэл )Би л лав ангийнхантайгаа харьцдаггүй. Хичээлдээ суучихаад тэгээд л нөгөө нийлдэг хэдтэйгээ гараад л явчихдаг...
Ангийнхантайгаа бараг дугардаггүй ш д... гэсэн яриа гарах болжээ.
Үүнийг уншаад магадгүй таны толгойд би хэнтэй нийлдэг билээ, манай фракцад хэн байдаг билээ гэсэн бодол төрж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Хүрээ сургууль цөөхөн оюутантай болохоор бид бараг л бие биенийгээ мэднэ. Хэн аль ангид сурдаг, хэддүгээр курс, хэн хэнтэйгээ фракц гээд л … Бүх зүйлс нүдний өмнө дэндүү илт байдаг болохоор фракцуудыг ялгахад амархан. Танай фракц ч тэдний нэг.
Анги дотроо хэд хэдэн фракц үүсгэчихээд хэсэг хэсгээрээ хэлхэлдээд л явах юм. Нэг ангийнхан байж сургуулийн коридорт тааралдхаараа бие биенийгээ огт танихгүй мэт зөрж өнгөрөнө.
Ангидаа ороод суухдаа мөн л нөгөө фракцаараа ширээгээ нийлүүлэн суух юм.
Энэ бүхнээс л болж анги гэдэг зүйл утгаа алдаж эхэлдэг.



Зарим анги охидууд, банди нар гэсэн хоёр фракц болчихсон байх юм. Хоорондоо огт харьцахгүй, гэтэл охидууд олонтой анги хэдэн хэсэг тарж бутарсан байх нь энгийн үзэгдэл мэт. Хөвгүүд ч ялгаагүй. Нэг ангийнхан ийм уур амьсгалтай байгаа нь ямар өрөвдөлтэй юм бэ?
Утгагүй юм.
Хүрээ сургуульд курсын ялгарал байдаггүй боловч, фракцын ялгарал бараг анги бүрт байдаг нь юутай холбоотой юм бол? Ингэж фракц үүсгэх шаардлага үнэхээр байгаа гэж үү? Бодоод үзээрэй!!!
Нэг хариулт олдсон уу?
Үзэл бодол нийлдэггүй юм аа, санаа нийлдэггүй юм гэсэн хариултыг бодож сууна уу? Тийм үү?
Та насан туршдаа ийм хариултыг өгч амьдарч чадна гэжүү?
Сургуулиа төгсөөд шинэ ажилд орчихоод үзэл бодол нийлдэг хүнтэйгээ хамт ажиллана гэж бодож байна уу? том эндүүрэл болох биз. Бусадтайгаа зохицож чадахгүй л бол баяртай ...
Эцсийн эцэст энэ фракц үүсэхэд та яаж нөлөөлсөн бэ? Гэдгээ бодоод үзээрэй!!! Фракцыг арилгах амархан. Гол нь ойлголцол шүү дээ. Бие биентэйгээ ойлголцох хамгийн эхний алхам нь ярилцах. Хоорондоо ярилцаад нэг үзээрэй. Манайхаан, ангиараа нэг юм хийе ээ. Юу болж байна энэ анги?
Фракцаараа гэж хэлээгүй шүү ангиараа хоорондоо ширээ тойрч суугаад ярилцаж үзсэн үү? Зугаалгаар явж үзсэн үү? Ангиараа хоолонд орж үзсэн үү? Ангиараа кино үзэж, теннис тоглож, үзсэн үү? Ангиараа заал авч үзсэн үү? Эмэгтэйчүүдийн баяраар хөвгүүдээсээ цэцэг авч үзсэн үү? Цэргийн баяраар хөвгүүдээ баярлуулж байсан уу? Анги ийм л байдаг. Нэг анги байгаагын учир утга нь юу билээ? Хүний амьдралын хамгийн жаргалтай мөч оюутан нас гэж хүн бүр ярьдаг. Оюутан насаа дурсамжаар дүүрэн сайхан өнгөрүүлцгээе манайхаан!!!
Хичээл тарчихсан уу? Гялс хаалгаа түгжээрэй, ярих юм байна...!!!





Дурлалын солиотнуудад


Дурлалын солио тусаж буй хэсэг хүмүүст зориулав

Дурласан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Мэдэх үү?
- Мэдээж түүний тухай зогсоо зайгүй бодож эхлэнэ
- Хичээлийн үеэр зөвхөн түүний тухай түмэн бодол толгойд эргэлдэнэ
- Завсарлагааны үеэр хөл түүн рүү л зүглэнэ
- Хааяа хичээлээ таслаад зөвхөн түүн дээр очихыг хүснэ. Хичээл эрт тарвал бөөн баяр, түүнтэй илүү удаан хугацаанд хамт байх боломж олдож байгаа учраас тэр.
- Хичээл чухал биш санагдаж, зөвхөн түүн дээр очиж байвал сэтгэл сэргэж нүүрэнд инээмсэглэл тодроно.
- Түүний өөдөөс нүдээ ч цавчилгүй ширтэн гөлөрч , гарыг нь мэдрэх нь энэ ертөнцийн хамгийн сайхан жаргал мэт.
Удалгүй энэ тэнэг дурлалын солиорлоос болж өөрийгөө ч удирдаж чадахаа болих нь тэр. Хичээлээ үе үе таслах нь энгийн үзэгдэл болж өөртөө байгаа бүхий л цагаа зөвхөн түүнд л зориулж эхлэнэ. Цавчилгүй ширтэх нүд нь өвдөж нуруу нь хөшиж эхлэнэ. Энэ бол
PC тоглоомонд –нд дурласан буюу донтсон хүнд илэрдэг анхны шинж тэмдэг байлаа. Энэ байдал даамжирсаар нэг жил, хоёр жил, гурван жил өнгөрч, дөрөвдэх жилтэйгээ золгоно. Нэг л мэдэхэд өөрийгөө төгсөх ёстойгоо гэнэт ухаарна. Бодож эхлэнэ, би чинь энэ хавар төгсөх билүү?, цаг хугацаа яасан хурдан өнгөрөө вэ? хичээл ном юу болж байна аа?
Сургалтын алба руу гүйж дүнгийн жагсаалтаа гаргуулж авна. Пөөх, дүн гэж авах юм алга !
Ийм байх ёсгүй дээ!!! Нүд бүрэлзэж, толгой эргэж, ухаан алдана ...
Хөөе сэрээчээ, зүгээр үү? Яасан бэ? Юу болсон?
Нүд нээгдэнэ...


4 жил жаргалд умбан зүүдэлж явсан зүүднээсээ сая л нэг сэрлээ. Бодит байдал дээр хар дарсан зүүд байж дээ. Толгой даагдахын аргагүй хүндэрч шаналан тарчилна. Одоо би чинь яах билээ? Төгсөөд яадаг юм билээ? Би дөрвөн жил юу сурсан хүн бэ? PC- л тоглож сурсан гэж үү? Мэргэжлээрээ ажиллаж чадах уу?Намайг ажилд авах уу? Хэцүү дээ, болохгүй бол ямар ч хамаагүй ажил олж хийнэ дээ...
Энэ бүхэнтэй зэрэгцэн өөр нэгэн үйл явдал өөр нэгэн хүнд тохиолдсон юм. Тэр бусдын л адил жирийн оюутан. Онцлог нь дурлалын солио тусаагүй юм байж. Гэхдээ тэр сурахын төлөө зүтгэл гаргасан хүн. Оюутан насандаа хөлсөө дуслуулж үзсэн хүмүүсийн нэг. Хичээлээ хийчихээд хажуугаар нь цагийн ажлаа хийнэ. Сурах зүйлс дэндүү их байсан болохоор заримдаа хоолоо идэхээ умартах нь энгийн үзэгдэл. 2 шөнө дарааллан нойргүй хонон хичээлээ хийдэг байсан тухайгаа бодож одоо л нэг жаргах цаг ирэх шив дээ гэсэн байртай инээмсэглэн сууж байна.Түүний баруун гарт Магистрт 100 % тэтгэлэгтэйгээр сурах урилга, зүүн гарт нь өндөр цалинтай ажлын байрны санал ирсэн байлаа.

Хэтрүүлсэн байж болох ч бодит байдал ийм л байдаг.
Дурлалын солиорлоос өөрсдийгөө аварцгаая.
zozoloo




Sunday, January 24, 2010

Дадлагын ажлаараа 208- лаб-ын компьютер дэлбэлсэн миний паян.



Амралт тавигдаж эхлээд л ангийнхан бүгд дадлагын ажилдаа гарцхаасан юм. 14 хоног хийх ёстой гэсэн тушаалтай. Бүгд л энд тэнд юм хийж байгаа сурагтай. Зарим ч яахав нөгөө юу яана гээд л... Би ч яахав. Хоёр ч газар олдсон боловч сургуульдаа хийх 3 дахь сонголтыг сонголоо. Гол шалтгаан нь мэдээж сонины албатай холбоотой. Сонины алба эхний 14 хоног тасралтгүй сургалттай байсан болохоор юун дадлага хийх манатай. Өглөө 10:00- 16:00 хүртэл сургалт. Сүүлийн нэг долоо хоног нь ингээд өнөөдөрөөр дуусч байна даа. Нэг дэх өдрөөс эхлэж лаб-д өнжиж эхлэсэн боловч хүн хүч дутсан өрөвдөлтэй Золоо яагаад ч амжсангүй. Сонины албаны Цогт дүүхүү даргадаа тусласан боловч өнөөдөр охин найзтайгаа болзоотой тул намайгаа жийсэн юм. Нямаа дүү хүү 2 цагийн хугацаатай даргадаа туслахаар ирээд хэдэн процессор задлаж Хард дискүүдийг салгаад буцсан юм. Энэ өнөөдөр надад хүргэсэн хамгийн том тус байлаа.
Тэгээд яахав дээ. Нямаа явахаасаа урд нэг хаард салгаад кулон хийх гээд Хаардаа холбосон юм. Намайг 202-т програм суулгаж байх үед Нямаа охин хар хурдаараа гүйсээр орж ирээд, Даргаа, залгасан чинь нөгөөхөөс чинь муухай үнэр үнэртээд байна. Яах уу ? гэдэг байгаа. Миний клаб хаагдах шахлаа. Юуг нь буруу холбодог нөхөр вэ?
-Тэгээд хурдан салгаачээ. Юугаа хийж наашаа гүйж ирж байгаан. Хурдан салгаад унтраа л даа.
-За даргаа. гэсээр хоёулаа 202 оос 208 руу харавсан сумнаас ч хурдан, бүр гэрлийн хурдаар гүйн очлоо.
Эвгүй үнэр гарах нь ч гарчээ. Гэхдээ ямар тахил нь буруу өрөгдсөн байсныг оншилж чадсангүй. Учир нь бүгд л зөв байсан юм. Гэхдээ тэр нотой процессорыг салгаад өөр процессор дээр хаардаа холболоо.
За тэр ч яахав. Түүнээс 2 цагийн дараа. 6:30 үед гэдэс дугарч эхлэсэн юм.



Би 208-д гурван компьютер дээр зэрэг кулон хийж эхлүүлчихээд 208-г түгжээд өрөөнд байгаа ус буцалгачруу өөрийн мэдлэгүй зүглэсэн юм. Ганц аяга цай уучихаад, гэрээсээ авч ирсэн цуйвангаа идчихээд ирэх санаатай. Гол нь ганцаарханаа байсан болохоор аймаар тэнэг байлаа л даа. Өөр юу ч гэхэв дээ. Тэгээд 7:00 гээд шууд 208-даа эргэн орж ирлээ. Хаалга онгойлговуу үгүй юу бөөн гашуун утаа хамар цоргиж, хоолой хорсгож, нүд улайлгаж эхлэв.
Яадаг билээ, яадаг билээ, Юу нь шатаад дэлбэрчихвээ. Бүх разеткаа салгаад нөгөөдүүлээ яг юу болсоныг нь мэдэх санаатай шалан дээр хэвтэн барин үнэрлэж гарлаа...

“-Яанаа,инженерын Давка ахаа, баларсаан. Дадлагаа хийж байгаа нь энэ гээд 30 минутын дотор хэдэн компьютерүүдийг нь дэлбэлээд хаячихлаа. Дадлагын 2 кредит өнгөрсөөн. ЁонМи багшид юу гэж хэлнээ...? Яах гэж өрөөлүүгээ орвоо? Ёооё, ингээд өнгөрдөг юм байж. Нөгөөдөр хичээлийн эхний өдөр. Би гэж хүн өнгөрсөөн өнгөрсөн. Ядаж туслачих нэг хүн байсан ч болоосой...” Ийм олон бодол нэгэн зэрэг орж гарч байлаа.

Тэгээд яасан бэ гэж үү? Яагаа ч үгүй ээ. Учрыг нь олоод санаа амарсан. Тэгээд л гэртээ харихаар шийдлээ. Харин гэсээр байгаад 8:10 гэж сургуулиас гарлаа.
Хаширсан. Би үнэхээр хаширлаа. Өдөржингөө ганцаараа хоёр лабын дунд гүйсээр байгаад хаширлаа. Эцэж гүйцлээ. Сүүлдээ бүр айж байлаа. Ганцаарханаа том сургууль дотор холхих нь тийм ч хүсүүштэй зүйл биш юм билээ. Автобусанд оронгууд найдвартай гэж бодсон хүмүүсрүүгээ утасдаж гарлаа. “Надад чиний тусламж хэрэгтэй байна. Маргааш 11 цаг гээд сур дээр хүрээд ир. Найздаа компьютерээ янзалж дуусахад туслаарай. Нэг дэх өдөр хичээлтэй тул бүгдийг нь форматлаад, хэрэгцээтэй програмуудыг нь суулгаж дууссан байх ёстой. Маргааш заавал амжуулах ёстой. Ирж туслаж чадах уу?” гээд л эхнээс нь утасдав. Баагий, Ганзо, Пүрвээ, Заяа, Ундрах . гээд л. Бүгд л найваргүй царайлав. Гэхдээ найдлага байнаа... Ундрах, Заяа хоёр.
2 хүн ирнэ гэдэг миний ажил 3 дахин хурдан урагшилна гэсэн үг. Энэ хоёроос яг адилхан хариуг аваад маш их баярлалаа.
“Найз нь очилгүй яахав. Яваад очноо. Хэдийд очих уу? “гэсэнд нь маш их баярласан. Маргааш ямартаа ч 11 гэхэд мань хоёр ирчих байхаа.
Тэгээд л 9:20-д салж унах шахсан амьтан гэртээ орж ирсэн юм даа.
Нөгөө лаб яасан бол гэж үү? Тэр харин яагаа ч үгүй ээ. Цонхнууд онгорхой байснаас болсон хэрэг. 208 дэндүү бүгчим байсан болохоор цонхнуудаа онгойлоод орхичихсон байсан юм. Тэгээд л нөгөө гэр хорооллын гашуун нүүрсний утаа орж ирсэн юм байна л даа. Надаар нэг иймэрхүү паянтай. Манайхан яаж шуухан дадлагаа хийж байна даа. Комментоо үлдээгээд байгаарай.

Хөндүүр, хөндүүр хөндүүр



Аватар үзээд сэтгэл хөндүүр
Алжаалаа тайлах гэж Заал аваад бие хөндүүр
Араас нь хоол идэх мөнгө дутаад ходоод хөндүүр
Гурван хөндүүр давхацсан сэтгэлд хоногшсон сайхан өдөр болж өнгөрлөө. Сонины албаныхан бөөнөөрөө бүгд байсан болохоор үнэндээ л мартахын аргагүй сайхан дурсамжийг үлдээж чадлаа. Зургийн аппрат байгаагүй нь тун харамсалтай. Хоёр цаг заал авах нь бидний хувьд хангалттай байлаа. Ёоох, би бөмбөг залж байгаад Баатарааг дэгээдэж унагаагүй бол, Нямаа сагс тоглож байгаад бөмбөгөө тэврээд гүйгээгүйсэн бол, Цогт алцайж байсан Тамирын салтаагаар бөмбөгөө дамжуулаагүйсэн бол бичих зүйл энд олдохгүй байх байлаа гэж...
Хөгжилтэй ч юмаа. Охидуудаас


Энхзаяа хамгийн сайн нь илт харагдаж байлаа. Дараа нь Баярмаа, Мөөгий, Нямаа.
Хөвгүүдээс мэдээж Цогтын шидсэн бөмбөг бүр гоол орж байлаа... Цогтоо чи шүү. Охидуудаа дараагийн удаа сагс тоглож хожихыг хүсвэл Цогттой л нэг баг болоорой гэж зөвлөх байна. Хэлүүлэлтгүй мэдэж байгаашд.
(Цогтод:АААЯ, Онгироод байна уу үгүй юу? Даруухан байгаарай ай!!!!)
Бөгтөр Баатараа миний ачаар гэдгэр явдаг болсонд баярлууштай. Яагаав , нөгөө юунаас болоод...
Ганц Од хайр дурлалын асуудалдаа орооцолдоод тэндээс ирж чадахгүйгээ мэдэгдэв. Nice Nice, Сайхан байсан шүү ^.^

Friday, January 22, 2010

Дараагийн хүн нь хэн байвал сонирхолтой байна?


Мийгаа
Номио
Заяа
Жархын
Батжа
Ундах нар бичигдээгүй үлдэсэн тул дараагийн дугаарт ээлж дарааллан бичихээ анхааруулж байна. Хэнээс нь эхлэдэг юм билээ.


CS-4 -нхөөн Цанын баз хэзээ явах уу?


Хайруудаа, Ангийнхаан, Цанын бааз хэзээ явах гээд байнаа? Өчигдөр Цогоогоос ирсэн мессежийг уншаад аймаар өрөвдсөн л дөө. Гэхдээ л Цогоог дэмжиж байна. Юу гэж ирсэнийг нь биччих үү? Уучлаарай бичлээ шүү. Зарим нь уншаагүй байгаа байх.
"mar yum u nugudur yylry garchad irii my sanalig gunee hundet gen uu!!!" гэсэн байсан. зайлуул. Тэхлээр нь Ангийнхан юу гэж байна. Сайнаа нэг дэх өдөр ирнэ. Тэгээд бөөнөөрөө явцгаавал дээр бишүү? гэсэн. Юу гэж бодож байнай ангийнхаан. 1 сарын 30 нд явах уу? Хагассайн өдөр байна. Эсвэл тэрнээс наана хичээл багатай өдөр явцгаах уу?
Коммент үлдээцгээгээрэй. Нээрээ Оюутны зөвлөлөөс Цасны баяр зохион байгуулах сурагтай. Тэрэнд нь эсвэл хүлээж байгаад хамрагдах юмуу ???? Хайруудаа. санал онолоо бичээд байгаарай.

Өнөөдрийн Бидний төлөвлөгөө


Гуравхан үгээр хэлбэл
Кино Хоол Сагс


Миний бодит байдал


Ойрдоо үнэндээ л завгүй байна. Дадлагын ажлаа аз болж сургууль дээрээ хийж байгаа болохоор сонины ажлаа давхар амжуулах боломжтой болсон юм. Гэхдээ л блогтоо ч юм бичих зав гарахгүй. Сонины өрөө лаб хоёрын хооронд гүйсээр байгаад эцэж гүйцлээ. Хэдэн компьютерын лаб бүр будаа болжээ. Өчигдөр 202-г арай л дөртэй болголоо. Өнөөдөр уг нь 208-г дуусгах ёстой байдаг.

Даан ч чадахгүй нь дээ, уучлаарай ЁОн Ми багшаа. Манай сонины сэтгүүлчид заал авна гээд. Би ч гэсэн авахгүй бол ...
Одоо 10:30-д АВАТАР-г үзээд, өглөөний кино 2500 байдаг юм гэнэ. Дараа нь хоолонд ороод, Тэгээд заал аваад өнөөдрийг дуусгана даа. Тэгээд маргааш гялс ирээд лабын компьютеруудаа янзлаад дуусгачихнаа за.

Monday, January 18, 2010

Коммент байхаар гоё байдаг.


Блогтоо ороод л баахан юм бичээд л байдаг. Гэхдээ бодоод байхнээ, хүн амьтан уншихгүй бол бас л урамгүй юм шигээ. Тэгээд коммент бичих боломжийг өглөө. Блогоо ажлуулж эхлэнгүүт л коммент ирдэг болохоор урамтай ч юм шиг. Баярлалаа, коммент үлдээдэгт.

Үнэн төрх Huree Tidings journalist and photographers


Өнөөдөр монгол хэлний найруулга зүйн хичээл орох гэж байна. "ХҮрээ тулга" сургуулийн захирал Оюунцэцэг багштай хэлж тохиролцлоод Хүрээ Тулгын багш нараар заалгах боллоо. Хөөрхий амьтас.Эд нарын байж байгаа царайг харсан ч болоосой. Ядаргааны туйл болсон хэдэн хүмүүс ширээний ард бал дэвтрээ дэлгэчихсэн монгол хэлний багш нар орж ирэхийг хүлээгээд сууж байна.

Эвшээгээд, суниагаад, бараг бүгд л шөнө 4 цагт унтсан гэж ярьцгаагаад... Нийтлэлээ бичээд тэгсэн гэнээ. Бүүр өр өвдчихлөө.
Тамираагийн байж байгаа царайг харсан ч болоосой. Авах юм алга. Өчигдөр Солонгос дууны улсын уралдаанд 1-р байр авсан гэнээ. Даан ч пнограмм нь хоолойтой байсан гээд бүх оноогоо тэглэсэн гэнэ. Тэрнээс болоод унтаж чадаагүй юм гэнэ.
Манай хэд хөөрхийс байдгаараа л дэмжиж байна. Инээлгэх гэж бүх аргаа хэрэглээд ...
Тамираа инээчихлээ.

Бүх зүйл утгагүй санагдаж байна.




Thursday, January 14, 2010

Амралт ингэж л өнгөрч байна

Нэг улирал дуустал ямар ч бичиглэл оруулаагүй байдаг байна шүү. Өнөөдөр 1 сарын 14,
Өвлийн амралт эхэлчихсэн ид дундаа явж байна. Харин би, Huree Tidings-ийн сэтгүүлч оюутнууд сургууль дээр цугласаар...
Өөрсдийгөө боловсруулахын тулд юм юмны л сургалтанд хамрагдаж байна.8 гэж байхад ирдэг урмыг нь бодоод хайр хүрээд...Харин бусад ангийнхны хувьд гэвэл

4-р курсынхан дипломын ажлаа хийж байгаа бололтой. Сургууль дээр хаа сайгүй л явж харагдана. дүнгээ авах гэсэн хэсэг нь сургалтын албаны үүдэнд түгжрэнэ.
Харин СS2 ангийнхан С Хэлний давтлага багшаасаа аваад их их л завгүй байцгаана. Өдөр 2 цаг хүртэл хичээллэж байна даа. Бусад тэхимүүд мэр сэр хичээллэж, давтлага өгч байгаа сурагтай... Мэдээллийн эх сурвалжийн төв дээрээс мэдээллэв. Сураг алаач Золзаяа.

Wednesday, January 13, 2010

Пүрэвээ яахаараа яадгийг мэдэх үү? ангийхаан

Пүрэвээ, ямар үйлдэл хамгийн олон хийдэг вэ? манай ангийхаан? Мэддэг хүн байна уу? Цаадах чинь үг хэлэхийн өмнө, бантах үедээ, нүүр нь улайхаараа , ер нь ямар нэгэн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ ганцхан үйлдэл хийдэг. Тэгээд тэрийг нь хэлэхээр зөрүүлээд намайг хэлдэг байна ш д. Би бантангуутаа, тийш дээ, гэхдээ чи тэгдэг л биз дээ гэхээс өөр хэлэх үг олддоггүй. Гэхдээ тэрийг харвал өхөөрдөм харагдаад байдаг байхгүй юу. Тэгээд л ертөнцийн гурван өхөөрдөм номинацад нэрийг нь дэвшүүлээд энэ төрөлдөө шалгарч билээ. 3сарын 18нд би нэг юм гардуулж өгөөгүй билүү, санаж байна уу?
Энэ ер нь их дуу цөөтэй ч, овоо жинтэй залуу шүү. Толгой сайтай ч тэтгэлэгийн өмнө сөгдөөстэй хэвээрээ л төгсөх шив дээ. Хичээлээ бага тасла ай? Тэгээд л РС тоглоод л ... Гэхдээ сүүлийн үед дандаа л хичээлээ хийж, номын санд сууж харагдхымдаа.
Ухаарлын он жилээ гэж...
Би Пүрэвбаатар шиг толгойтой байсан бол өдийд лав нэг юм дуулгасан байгаа даа. Даан ч толгой муутай болохоор санаа байвч сачий хүрэхгүй юм даа. Пүрэвээд дурламаар л байна. Надад лав таалагддаг. Даан ч дурлахыг хориглоно зүүчихсэн байгаа\сүйн бөгжийг хэлж байна\ тоглосон юмаа, тоглож л байхад чинь... Цогоогоос иш татав. Ха Ха
өө нээрээ, Пүрвээ яахаараа яадгийг хэлэхээ мартах шахлаа. Хамраа мааждаг. Нээх хөөрхөн, дараа хичээл орохоор хараарай за ангийнхаан.!!!

Huree Tidings journalist and photographers






Ингэж зовоож байгаад уучлаарай хайруудаа


Яагаад ч юм, хайруудаа гэж дуудах нь манайхаан гэж дуудахаас илүү гоё байдаг л даа.
Тийм болохоор хайруудыгаа хайруудаа л гэж дуудсаар л байх болноо. Өвлийн амрал эхлээд оюутнууд ид амарч байгаа, дуг нойрондоо дугжирч байгаа тэр цаг мөчид хар үүрээр та хэдийг дуудаж хурал хийгээд л, Photoshop, InDesign -ны сургалтанд суу гэж загнаад л...
Фото зургийн сургалтандаа хоцорвол шийтгэлтэй гэж сүрдүүлж мессеж бичээд л, Илтгэл тавьж сур гэж ном өгч уншуулаад л, цаг баримтлахгүй байна гэж загнаж, зовоож байгааг уучлаарай. Гол нь дарга нь энэ жил төгсөөд явчихвал сонины алба яана даа л гэж санаа зовж байна. Тийм болохоор та нар бүгдээрээ энэ бүх чадварыг эзэмшээд сурчихвал дарга нь санаа амар явж чаднаа. Тиймээ, ойлгож байгаа, та нар үнэхээр сайн байгаа, үнэхээр хичээж байгаа. Бусад оюутнууд өглөө 10 цагт орноосоо сэрж байхад та хэд минь аль хэдийнээ дэвтэр үзгээ гаргаад шинэ бүхнийг сурах гээд хүрээд ирдэгт дарга нь чинь сэтгэлээсээ баярладаг шүү.

Сайн байна. Ингээд хичээгээд бай. Та нар шиг зүрх сэтгэлтэй, ийм шилдгүүдтэй ажиллаж байгаадаа дарга нь зөндөө баяртай байдаг. Энэ эрч хүчээрээ урагшаа гээд зүтгэж чадвал We are the BEST.

Амьдралын давс шиг шорвогийг мэдэрч үзээгүй хүн, чихэр шиг амттайг нь яаж мэдрэх билээ

Оюутны сонины алба байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. 3 дахь дугаарынхаа бэлтгэлд ороод л явж байна даа. Сайшаал магтаал, хэл ам, хэрүүл тэмцэлтэй тулгарч үзлээ. Уйлж үзлээ дуулж ч үзлээ. Эмэгтэй юм болохоор зайлуул бэрхшээлд сөгдөхдөө амархан юмуу гэхээр бас тийм биш юмаа. Доромжлуулах тусам би өнгө орно, Долоон бурхан од шиг улам тод гялалзана гэдэг шиг л.... Шүүмж байгаа болохоор намайг улам бүр хурцалж, улам бүр сайн ажиллах ёстой гэдгийг сануулсаар л... Дараа жил төгсөөд явчихаар үлдсэн хэд маань хэцүүдэх байхдаа гэж бодохоор хэцүү байнаа.
Бид ямар мэргэжлийн сэтгүүлийн ангийн оюутнууд биш дээ алдаж эндэх зүйлс зөндөө л байгаа... Тэр бүрт алдаа, дутагдлыг нь олж хараад байвал хийж бүтээе гэсэн урам хугарах нь илүү амархан юм даа. Цалин авч байгаа биш дээ. Хичээлийнхээ хажуугаар илүү цаг гарган чин сэтгэлээрээ сургуулийнхаа түүхийг бүтээж яваа бид хэдийг зарим нэг нь эсэргүүцээд байгааг л ойлгохгүй юм даа. Манайхаан, бид чаднаа. Тэ? Сайн ч бай, муу ч бай, сонин гарсаар л байх болно. Хэзээ нэгэн цагт энэ бүхэн түүх болон үлдэх болноо. Дэлхий сүйрчихгүй л бол бидний түүх байсаар л байх болно .... Бид хийж байгаагаараа бахархадаг. тэгэх ч ёстой.
Энэ бүхэн минь надад аз жаргал юм даа. Амьдралын давс шиг шорвогийг мэдэрч үзээгүй хүн, чихэр шиг амттайг нь яаж мэдрэх билээ. Сайн муутай хорвоо гэж....

Бараг 4 сар агаар оруулсангүй...

Хичээл эхлээд, сонины алба байгуулсанаас хойш үнэндээ л дэндүү завгүй байлаа. Блогтоо ороод юм бичих зав гардаггүй.Байж байж өнөөдөр орсон, гоё санагдчихлаа. Бичсэн бүхэн минь түүх болоод үлдчихсэн, уншаад инээд хүрээд, гоё санагдаад. Цааш нь үргэлжлүүлж блогоо хөтлөхөөр шийдлээ.

Долоо хоногт нэг удаа ямар ч байсан цаг зав гаргаж блогоо баяжуулах хэрэгтэй юм шиг санагдлаа. Тиймээс өнөөдрөөс эхлээд зөндөө нийтлэл бичих болноо. Одоо өвлийн амралт болохоор бага сага юм бичих зав гарах л байх.
Манайхаан Comment сайн үлдээж байгаарай.