Showing posts with label Миний нийтлэл. Show all posts
Showing posts with label Миний нийтлэл. Show all posts

Friday, January 28, 2011

Feeling Freedom


Гэрлийг би хайхгүй, би өөрөө гэрэлтэх болно.



Thursday, January 27, 2011

Харамсахгүй амьдрахсан























Ай миний харамсал дүүрэн амьдрал минь дээ
Ахиад би чамайг мэдэрмээргүй байна.

Хэлсэн үгнийхээ төлөө

Хийсэн үйлдлийнхээ төлөө
Бичсэн нийтлэлийнхээ төлөө
Харамсахгүйгээр амьдрахсан


Хэлээгүй үгнийхээ төлөө
Хийгээгүй үйлдлийнхээ төлөө
Бичээгүй нийтлэлийнхээ төлөө
Харамсахгүйгээр амьдрахсан


Ай миний харамсал дүүрэн амьдрал минь дээ
Ахиад би чамайг мэдэрмээргүй байна.





Wednesday, December 15, 2010

тийм нэгэн мэдрэмж...

хаашаа ч юм бүхнийг хаяаад гүймээр, эргэж хэзээ ч харахгүйгээр...хар хурдаараа чигээрээ гүйгээд л баймаар. Ертөнцийн амьдралаас холдмоор. Эсвэл зүгээр л нүдээ аниад суумаар... Гүнзгий амьсгал авмаар. Зүгээр л хөөс болон замхармаар тийм нэгэн мэдрэмж. Новш. i wanna die....What is the meaning of Life?

Saturday, December 11, 2010

Аймаар хэцүү байна...

Юу гээ, Амьдарлд нь үргэлж аз тохиож, алдаа нь хүртэл аз болоод хувирчихдаг тийм хүн энэ дэлхий дээр хэр олон бол? Би нэг иймэрхүү стилийн нөхөр юм шиг байгаан.
Их сургуулиа төгссөнөөс хойш яг 6 сар өнгөрч байна. New Media Marketing Agency http://newmediamarketingagency.com/hr/ гэдэг компанид орчихлоо. Үнэндээ над мэтийн туршлагагүй гаруудыг авдаг газар биш л дээ. Би зүгээр л азаар орчихсон байхгүй юу. Юм хийдэг чадварлаг хүмүүсийн дэргэд сууж байхдаа
өрийгөө голсоор байгаад л таарах юм. өөрийгөө өмөөрмөөргүй байвч ганц сэтгэлээ тайвшруулах юм нь манайхан ихэнх нь 2,3 жилийн ажлын туршлага байна л даа. Тэгэнгүүт 2-3 жилийн дараа би ямар хэмжээнд хүрсэн байх бол гэж бодолхийлнэ.
Гэлээ гээд намайг голоогүй, надад итгэж, намайг цаашдаа сайн ажиллаж чадна гэж найдаж хүлээж буй захиралдаа талархаж байна.
Их сургуульд байхдаа нийгмийн ажилд дэндүү хошуу дүрсээр байгаад мэргэжлийн хичээлээ 2т тавьж явсны гай ч гарч л байх шиг байна. Тэглээ гээд тэндээс сурсан зүйлс их тул харамсах юм байхгүй ч яг одоо бол надад аймаар хэцүү байна. Туршлагагүй болхоор хэцүү байна. Мэдлэг дутаж байгаа болхоор хэцүү байна. Чадвар дутаж байгаа болхоор хэцүү байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүх зовлон шаналалууд нэг нэгээр арилан замхрах буйзаа. Ямартаа ч энэ компанид тодорхой байр сууринд хүрэх хүртлээ шаргуу хичээнгүйлэн суралцангаа ажиллах болноо. Би компанидаа, компаныхаа хамт ажилладаг бүх хүмүүстээ(тэд бүгд маш гайхалтай хүмүүс), компаныхаа эд эс бүхэнд хайртай. Энэ миний компани.Би хичээнээ...

Friday, December 10, 2010

Та хүн мөн үү?


"Хүний эрх" гэдэг өөрөө хүн болгоны мэддэг сэдэв боловч бас нөгөө талаараа хүн бүрийн мэддэггүй зүйл байдаг. "Хүний эрх гэж юу вэ?" гэж асуувал та юу гэж хариулах вэ? Ер нь эрхээ мэддэг байх шаардлагатай юмуу? Энэ юунд хэрэгтэй юм бол? Энэ талаар ямар мэдлэгтэй вэ? Мэдээллээ хаанаас авах ёстой вэ? гээд олон олон асуултууд гарч ирэх байх. Гэтэл хариулт нь хаана байна вэ? Хариултыг нь хайж байгаа хүмүүс хэр олон бол?

Хуулинд хийж болно гээд зөвшөөрөгдсөн бүхэн бидний эрх мөн байж чадах уу? Тэгвэл хуулиар батлагдаагүй үлдсэн бүхэн юу болох вэ?
Та эрхээ эдлэнэ гэхийг юу гэж ойлгож байна?
Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг үнэн үү? санал нийлж байна уу? Яагаад?

Ажил дээрээ ч юмуу гэртээ байж байтал гэнэт нэг цагдаа орж ирээд таныг баривчлах тушаалтай байна, дагаад явна уу гэвэл та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Энд таны эрх зөрчигдөж байна уу?

Хүний эрх гэдэг угаас биднийг хүн болж төрөхөд л заяагдсан жам ёсны зүйл байдаг. Эрх бол өөрөө хүний хэрэгцээнээс урган гарч ирж байдаг заяамал зүйл юм. Угаас төрлөхийнх учраас түүнийг хуульчилж тогтоох эрх хэнд ч байхгүй байдаг гэсэн үг гэж ойлгоном. Түүнийг зүгээр л улс орон бүр өөр өөрийн хэм хэмжээнд хуулиар баталгаажуулж өгдөг л байх.


Амьд явах, Халдашгүй эрх чөлөөтэй байх, Өмч хөрөнгөтэй байх гэсэн үндсэн гурван эрхэнд тулгуурлан хүний эрх урган гарч байдаг гэж ойлгож байна. Тэгвэл таны эрх яг одоо зөрчигдөөгүй гэдэгт итгэлтэй байна уу? Үүнийг мэдэхийн тулд хүнд хамгийн ойрхон байдаг бичил ертөнцөөс харж дүгнэж болно. Тэр нь Гэр бүл, найз нөхдийн хүрээлэл, ажлын байрыг хэлж байгаа юм.

Хэрэв зөрчигдөж байгаа бол хамгийн түрүүнд хаана, хэнд хандах хэрэгтэй вэ? Үнэндээ үүнийг би ч бас мэдэхгүй л байна. Би хүний эрхийн мэргэжилтэн биш. Зүгээр л эрхээ мэдэхийг хүсч буй энгийн нэгэн иргэн хүн. Дээрх асуултуудын хариултыг хайж буй жирийн нэгэн ажилтан.

Бид яагаад эрхээ мэдэхгүй байна вэ? Гэтэл хүний эрхийн талаар ойлголтуудыг хүмүүст түгээж чадаагүй нь хэний буруу вэ?

Эцэст нь Хүний эрхийг эдлэх цорын ганц нөхцөл нь хүн байх явдал гэж ойлгоном. Та хүн мөн үү? Тэгвэл таны эрх юу вэ?

Friday, November 5, 2010

Өнөөдөр блог нээх хичээл орж байна



Өнөөдрийн Маry Ward төв дээр болж байгаа компьютерын хичээл дээр бид Блог нээх талаар үзэж байна. Энэ бол туршил. Зураг оруулж үзэцгээе...

Monday, September 6, 2010

Цааш үргэлжлүүлхээр шийдлээ...

Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх юм даа. Блогоо таг мартчихсан байж. Ингээд хаячихаж болно л доо. Гэхдээ дэндүү их юм биччихжээ. Миний түүх тэр чигээрээ байгаа болхоор цааш үргэлжлүүлэхээр шийдлээ. Амьдралд минь цааш юу тохиолдохыг мэдэхгүй ч бичихээ үргэлжлүүлсээр байх болноо. Одоо ихсургуулиа төгссөн болхоор Их сургуулийн дараах амьдралаар блогоо баяжуулах болноо. Ингээд миний блогт "Их суруулийн дараах амьдрал" гэсэн нэртэй шинэ label үүсэх боллоо...Блогийн зориулалт нийтэд биш зөвхөн надад хамааралтай гэдэг утгаараа уншигчдын тоо хязгаарлагдмал байх болно.

Monday, March 22, 2010

Цаг хугацаа хэзээ ч урсан өнгөрдөггүй


Ангийнхан болон Huree Tidings cэтгүүлчидийн дунд нийтлэлийн уралдаан зарлаж байна.
HUREE TIDINGS сонины "Тунгаан бодох нийтлэл" гэсэн тогтмол булан байдаг юм. Сар бүр сонин гарахын өмнө сэтгүүлч оюутнууд энэ буланд өөрийн нийтлэлээ оруулах гэж өрсөлдөж, нэг сэдвээр нийтлэл бичдэг. Харамсалтай нь энэ удаад ахиад л миний нийтлэл орчихлоо. Сайндаа ч биш л дээ. Бусдаасаа арай жоохон л дээр байсан болхоор миний нийтлэлийг оруулахаар болсон. манайхаан, сайн бич л дээ. Дараагийн удаа нийтлэл нь орсон сэтгүүлчийг 10000 төгрөгөөр шагнана шүү.Харин ангийнханаас бичвэл хоол авч өгье тэхүү.





“Цаг хугацаа хэзээ ч урсан өнгөрдөггүй” гэвэл та санал нийлэх үү?

Харин би энэ үгтэй санал нийлдэг.
Тиймээ, “Цаг хугацаа хэзээ ч урсан өнгөрдөггүй, харин бид л урсан өнгөрдөг юм.” гэж нэгэн гүн ухаантан хэлсэн байдаг. Цаг хугацаа мөнх.
Амьдрал богинохоно, түүнийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Гэвч амьдралын үнэ цэнэ урт богинодоо биш утга учиртай өнгөрүүлсэн эсэхдээ л оршдог юм шиг. Цаг нь ирж үхэхийн цагт харамсах зүйлгүй байна гэдэг амьдралын утга учир юм болов уу?
Гэтэл бид өдий залуугаасаа алхам тутамдаа харамсаж амьдардаггүй гэж үү?
Шалгалтандаа муу дүн авсан оюутан :
- Хэрэв надад цаг байсан бол би шалгалтандаа бэлдэх л байсан
Төгсөх 4-р курсын оюутан:
- Хэрэв би одоо л 1-р курс байсан бол , анхнаасаа л хичээх байсан
Хэн нэгнээс ажлын санал авч чадаагүй нэгэн:
- Хэрэв би оюутан байхдаа цагаа хий дэмий үрээгүйсэн бол , би энэ ажилд тэнцэх л байсан

Хэрэв, хэрэв, хэрэв ... эцэс төгсгөлгүй үргэлжлэх шалтгаанд эцэс төгсгөлгүй үргэлжлэх шалтаг. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг энэ л байх.Найзуудаа, Амьдрал гэдэг чинь хэрэв гэдэг асуултанд хариулдаг шалтаг биш шүү дээ !

Xүмүүний амьдралд бид зөвхөн үхэхийн төлөө л төрсөн гэж бодохгүй л байна. Энэ хорвоод ямар нэгэн утга учиртай л ирсэн байх учиртай. Тийм биш гэж үү? Тиймгүйсэн бол яг одоо үхэхэд харамсах зүйл юун? Амьдрал бол цагийн хэлхээс. Урсан өнгөрөх хором бүрийг бид хайрлаж, үнэ цэнэтэйгээр өнгөрүүлэх ёстой. Учир нь тэр цаг хугацаа дахин хэзээ ч эргэн ирэхгүй шүү дээ. Хадгалж болдоггүй нэг л зүйл байдаг нь амьдрал буюу цаг хугацаа юм. Цаг хугацааг дараа гэж хойш тавьсаар байтал тэрээр өнгөрөн оддог юм. Тэгээд амьдралынхаа эцэст та:
- Хэрэв би цагийн үнэ цэнийг эртхэн ухаарч ойлгосон бол миний амьдрал ийм байхгүй л байх байсан гэж харамсах болно. Харин та одоо дэмий өнгөрүүлсэн цаг хугацааныхаа хойноос харамсах хэрэг юун? “Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол бэлэг, харин маргааш бол боломж” гэсэн үг байдаг. Өнгөрсөнийг өөрчлөх боломжгүй ч гэлээ,маргашийг бид өөрчилж чадна. Бүх зүйл дууссан хойно ч гэсэн ирээдүй ямагт үлддэг юм.
Амьдрал бол боломж түүнийг бүү алд
Амьдрал бол мөрөөдөл түүнийг биелүүл
Амьдрал бол хайр тиймээс хайрла
Амьдрал бол зовлон түүнийг даван туул
Амьдрал бол оньсого, түүнийг олж таа
Амьдрал бол аз жаргал түүнийг мэдэр.

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
Б. Франклин




Wednesday, February 17, 2010

Хонгилын үзүүрт гэрэл байна!!!



Санамсаргүй гэх нь хаашаа юм, санаатай гэх нь ч хаашаа юм. Нэг л мэдэхэд би энэ сургуулийг сонгоод нэг хоёр жилийг ардаа орхижээ. Курс дээшлэх бүрт төгсөөд яах вэ гэсэн бодол толгойд үе үе орж ирэх боллоо. Уг нь мэргэжилдээ бусад оюутан шиг дур сонирхолтой байсан бол ийм асуулт надад тулгарахгүй байх байсан. Гэтэл би өөрийгөө юунд дуртайгаа ч мэдэхгүй явсаар одоо энэ мэргэжлийг сонгон суралцаж байна. Сүүлдээ хичээлдээ үнэхээр дур сонирхолтой эсэхдээ эргэлзэх боллоо. Эргэлзээ үүссэн учраас өөртөө итгэх итгэл минь буурсаар. Итгэл минь алдарч байгаа болохоор сурах хүсэл минь унтарч байна.
Дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ гэгчээр би өөрийгөө хүчлэн сурч байна. Сургалтын төлбөрийг минь төлчихсөн болохоор надад муу сурах эрх байхгүй...
Үнэндээ


сургуулиа сайн төгсөөд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажлаад явахыг хүсэж байна. Аав ээж минь ч гэсэн тийм бодолтой байгаа. Гэвч олон олон аавын охид хөвгүүдийн хүсэл мөрөөдөл их сургуулиа төгссөний дараа үүлс болон замхарч, уур болон дэгддэг нь гашуун үнэн. Нэг хэсэг нь “дипломын гол” гэж нэрлэгдэн, ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орно.Харин нөгөө хэсэг нь тэс хөндлөн замыг сонгон лангууны ард зогсдог дипломтой худалдагч болж хувирана.
Гол шалтгаан нь юу юм бол? Та бодож үзсэн үү?
Юу ч байлаа гэсэн чин үнэндээ би тэдний нэг байхыг хүсэхгүй байна. Ааваа ээжээ, хүү нь\охин нь\ тийм нэгэн болохыг хүсэхгүй байна. Би амжилтанд хүрэхийг л хүсч байна. Гэхдээ яаж ???
Ингэхэд би юунд чадвартай, юунд авъяастай юм болоо? Одоо болтол өөрийгөө сайн мэдэхгүй л явна. Өнөөдөр номын дэлгүүрт ороод хэдэн ном гарчиглах зуур амжилтын тухай нэгэн тодорхойлолтыг санамсаргүй олж уншлаа.
“Амжилт нь хийж буй зүйлдээ дуртай байх, эсвэл дуртай зүйлээ хийх явдал.” гэсэн нэгэн суутны хэлсэн үг толгойнд минь одоо ч гэсэн бодогдсоор...
Үүнийг уншаад хонгилын үзүүрт гэрэл байна гэж бодлоо. Тиймээ, нуулгүй үнэнээ өчье. Би одоо дуртай зүйлээ хийж байгаа эсэхдээ, дуртай чиглэлээрээ сурч байгаа эсэхдээ эргэлзэж байна. Гэхдээ хийж байгаа зүйлдээ дуртай болж чадвал амжилт ирэх болно гэдгийг ухаарлаа. Үүний төлөө би одооноос бүхнийг хийх болно. Эс бөгөөс би өөрийн дурлан хийж чадах тэр зүйлээ заавал, заавал олох болно. Надад амжилт хүсээрэй !!!
Энэхүү нийтлэлийг надтай адилхан асуудал тулгарсан оюутан бүрд зориулав. Зүрний дуудлагаа дагаарай !
Zozoloo.
zozoloo.blogspot.com


Monday, January 25, 2010

Хичээл тарчихсан уу?



Хичээл тарчихсан уу?
Гялс хаалгаа түгжээрэй, ярих юм байна...!!!

Манай анги үнэн дарамттай юмаа. Бөөн фракц. ( фракц гэж бидний хэлж заншсанаар үзэл бодол нийлдэг хэсэг оюутнуудын бүлэглэл )Би л лав ангийнхантайгаа харьцдаггүй. Хичээлдээ суучихаад тэгээд л нөгөө нийлдэг хэдтэйгээ гараад л явчихдаг...
Ангийнхантайгаа бараг дугардаггүй ш д... гэсэн яриа гарах болжээ.
Үүнийг уншаад магадгүй таны толгойд би хэнтэй нийлдэг билээ, манай фракцад хэн байдаг билээ гэсэн бодол төрж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Хүрээ сургууль цөөхөн оюутантай болохоор бид бараг л бие биенийгээ мэднэ. Хэн аль ангид сурдаг, хэддүгээр курс, хэн хэнтэйгээ фракц гээд л … Бүх зүйлс нүдний өмнө дэндүү илт байдаг болохоор фракцуудыг ялгахад амархан. Танай фракц ч тэдний нэг.
Анги дотроо хэд хэдэн фракц үүсгэчихээд хэсэг хэсгээрээ хэлхэлдээд л явах юм. Нэг ангийнхан байж сургуулийн коридорт тааралдхаараа бие биенийгээ огт танихгүй мэт зөрж өнгөрөнө.
Ангидаа ороод суухдаа мөн л нөгөө фракцаараа ширээгээ нийлүүлэн суух юм.
Энэ бүхнээс л болж анги гэдэг зүйл утгаа алдаж эхэлдэг.



Зарим анги охидууд, банди нар гэсэн хоёр фракц болчихсон байх юм. Хоорондоо огт харьцахгүй, гэтэл охидууд олонтой анги хэдэн хэсэг тарж бутарсан байх нь энгийн үзэгдэл мэт. Хөвгүүд ч ялгаагүй. Нэг ангийнхан ийм уур амьсгалтай байгаа нь ямар өрөвдөлтэй юм бэ?
Утгагүй юм.
Хүрээ сургуульд курсын ялгарал байдаггүй боловч, фракцын ялгарал бараг анги бүрт байдаг нь юутай холбоотой юм бол? Ингэж фракц үүсгэх шаардлага үнэхээр байгаа гэж үү? Бодоод үзээрэй!!!
Нэг хариулт олдсон уу?
Үзэл бодол нийлдэггүй юм аа, санаа нийлдэггүй юм гэсэн хариултыг бодож сууна уу? Тийм үү?
Та насан туршдаа ийм хариултыг өгч амьдарч чадна гэжүү?
Сургуулиа төгсөөд шинэ ажилд орчихоод үзэл бодол нийлдэг хүнтэйгээ хамт ажиллана гэж бодож байна уу? том эндүүрэл болох биз. Бусадтайгаа зохицож чадахгүй л бол баяртай ...
Эцсийн эцэст энэ фракц үүсэхэд та яаж нөлөөлсөн бэ? Гэдгээ бодоод үзээрэй!!! Фракцыг арилгах амархан. Гол нь ойлголцол шүү дээ. Бие биентэйгээ ойлголцох хамгийн эхний алхам нь ярилцах. Хоорондоо ярилцаад нэг үзээрэй. Манайхаан, ангиараа нэг юм хийе ээ. Юу болж байна энэ анги?
Фракцаараа гэж хэлээгүй шүү ангиараа хоорондоо ширээ тойрч суугаад ярилцаж үзсэн үү? Зугаалгаар явж үзсэн үү? Ангиараа хоолонд орж үзсэн үү? Ангиараа кино үзэж, теннис тоглож, үзсэн үү? Ангиараа заал авч үзсэн үү? Эмэгтэйчүүдийн баяраар хөвгүүдээсээ цэцэг авч үзсэн үү? Цэргийн баяраар хөвгүүдээ баярлуулж байсан уу? Анги ийм л байдаг. Нэг анги байгаагын учир утга нь юу билээ? Хүний амьдралын хамгийн жаргалтай мөч оюутан нас гэж хүн бүр ярьдаг. Оюутан насаа дурсамжаар дүүрэн сайхан өнгөрүүлцгээе манайхаан!!!
Хичээл тарчихсан уу? Гялс хаалгаа түгжээрэй, ярих юм байна...!!!





Дурлалын солиотнуудад


Дурлалын солио тусаж буй хэсэг хүмүүст зориулав

Дурласан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Мэдэх үү?
- Мэдээж түүний тухай зогсоо зайгүй бодож эхлэнэ
- Хичээлийн үеэр зөвхөн түүний тухай түмэн бодол толгойд эргэлдэнэ
- Завсарлагааны үеэр хөл түүн рүү л зүглэнэ
- Хааяа хичээлээ таслаад зөвхөн түүн дээр очихыг хүснэ. Хичээл эрт тарвал бөөн баяр, түүнтэй илүү удаан хугацаанд хамт байх боломж олдож байгаа учраас тэр.
- Хичээл чухал биш санагдаж, зөвхөн түүн дээр очиж байвал сэтгэл сэргэж нүүрэнд инээмсэглэл тодроно.
- Түүний өөдөөс нүдээ ч цавчилгүй ширтэн гөлөрч , гарыг нь мэдрэх нь энэ ертөнцийн хамгийн сайхан жаргал мэт.
Удалгүй энэ тэнэг дурлалын солиорлоос болж өөрийгөө ч удирдаж чадахаа болих нь тэр. Хичээлээ үе үе таслах нь энгийн үзэгдэл болж өөртөө байгаа бүхий л цагаа зөвхөн түүнд л зориулж эхлэнэ. Цавчилгүй ширтэх нүд нь өвдөж нуруу нь хөшиж эхлэнэ. Энэ бол
PC тоглоомонд –нд дурласан буюу донтсон хүнд илэрдэг анхны шинж тэмдэг байлаа. Энэ байдал даамжирсаар нэг жил, хоёр жил, гурван жил өнгөрч, дөрөвдэх жилтэйгээ золгоно. Нэг л мэдэхэд өөрийгөө төгсөх ёстойгоо гэнэт ухаарна. Бодож эхлэнэ, би чинь энэ хавар төгсөх билүү?, цаг хугацаа яасан хурдан өнгөрөө вэ? хичээл ном юу болж байна аа?
Сургалтын алба руу гүйж дүнгийн жагсаалтаа гаргуулж авна. Пөөх, дүн гэж авах юм алга !
Ийм байх ёсгүй дээ!!! Нүд бүрэлзэж, толгой эргэж, ухаан алдана ...
Хөөе сэрээчээ, зүгээр үү? Яасан бэ? Юу болсон?
Нүд нээгдэнэ...


4 жил жаргалд умбан зүүдэлж явсан зүүднээсээ сая л нэг сэрлээ. Бодит байдал дээр хар дарсан зүүд байж дээ. Толгой даагдахын аргагүй хүндэрч шаналан тарчилна. Одоо би чинь яах билээ? Төгсөөд яадаг юм билээ? Би дөрвөн жил юу сурсан хүн бэ? PC- л тоглож сурсан гэж үү? Мэргэжлээрээ ажиллаж чадах уу?Намайг ажилд авах уу? Хэцүү дээ, болохгүй бол ямар ч хамаагүй ажил олж хийнэ дээ...
Энэ бүхэнтэй зэрэгцэн өөр нэгэн үйл явдал өөр нэгэн хүнд тохиолдсон юм. Тэр бусдын л адил жирийн оюутан. Онцлог нь дурлалын солио тусаагүй юм байж. Гэхдээ тэр сурахын төлөө зүтгэл гаргасан хүн. Оюутан насандаа хөлсөө дуслуулж үзсэн хүмүүсийн нэг. Хичээлээ хийчихээд хажуугаар нь цагийн ажлаа хийнэ. Сурах зүйлс дэндүү их байсан болохоор заримдаа хоолоо идэхээ умартах нь энгийн үзэгдэл. 2 шөнө дарааллан нойргүй хонон хичээлээ хийдэг байсан тухайгаа бодож одоо л нэг жаргах цаг ирэх шив дээ гэсэн байртай инээмсэглэн сууж байна.Түүний баруун гарт Магистрт 100 % тэтгэлэгтэйгээр сурах урилга, зүүн гарт нь өндөр цалинтай ажлын байрны санал ирсэн байлаа.

Хэтрүүлсэн байж болох ч бодит байдал ийм л байдаг.
Дурлалын солиорлоос өөрсдийгөө аварцгаая.
zozoloo




Saturday, August 15, 2009

Шийдэл нь юу байсан юм бол

Өчигдөр нэг сургалтанд сууж байлаа. Дэндүү онол яриад байсан болхоор нойр хүрээд, хамгийн хойд талын суудалд суучихаад л цаасан дээр элдвийн зүйлс сараачиж суулаа.
Яагаад зурснаа мэдэхгүй байна л даа. Эхлээд нэг хөөрөн дугуй зурж байснаа нүд хамар ам хийгээд л, дараа нь муухай болчихоор нь тойруулаад сараачиж гарлаа. Тэгээд доош нь харуулчихлаа.
Хажууд сууж байсан нэг залуу миний сараачсан зүйлийг анзаарсан бололтой.
-Уучлаарай, би чиний саяын зурдаг зураг дээр тайлбар хийж өгөх үү? гэлээ
надад их сонирхолтой санагдлаа л даа.
-Энэ дээр үү? гээд цаасаа өргөж асуугаад,
-"За тэг тэг " гээд өгчихлөө...
-Чи яагаад энэ зургийг зурсан бэ?
- Мэдэхгүй ээ, Зуръя гэж ч бодсонгүй, зүгээр л санаандгүй зурчихсан. Миний гар л....
Нөгөө залуу хэсэг зуур ажиглаж байснаа.
- Чи одоо сэтгэл санааны асуудалтай байгаа юм байна даа. Нээлттэй байж сур... өөрийгөө битгий хорьж бай, ....................
-Чамд одоо тийм санагдаж байна уу? Чи тэгдэг юм байна, чиний байдал одоо тийм байна гээд л....бөөн сэтгэлзүйн дүгнэлт хийж гарлаа.
Би ч дуугүй л хэлсэн бүхэнд нь толгой дохиод л сууж байлаа.
-За яав? таарч байна уу
-Яахав ээ?, 80 хувьтай байна.
Залуу инээмсэглээд багшруу харлаа
-Харин би тэр сараачсан цаасруугаа ширтэж өөрийгөө илэрхийлсэн байснаа ойлгож суулаа.
- Хөөе, 80 хувь бишээ, 99% таарч байгаа шүү. гэж хэлээд ангиас гарч явлаа...





Wednesday, August 12, 2009

Гэхдээ ангийнхны тухай бол ч өөр хэрэг шүү.

Ёооох, үнэндээ нийтлэл бичих аймаар хэцүү юмаа. Та хэд зүгээр нэг сэдэв сонгоод нийтлэл бичих гээд үздээ. Тархи яг л ажилладаггүй робот шиг. Толгойд олигтой юу ч орж ирэхгүй юмаа. Ёстой ажиллахгүй юм.
Гэхдээ ангийнхны тухай бол ч өөр хэрэг шүү. Зөндөө их бичих юм байдаг байхгүй юу. Өнөөдөр Баагийгийн тухай бичдэг ч юм билүү. гоё шүү. Манай анги.

Tuesday, August 11, 2009

Хөөрхөн кондуктор

Өглөө автобусандаа суутал кондуктор эгч билет тасласаар надруу дөхөж ирлээ. Өөрийн эрхгүй ямар хөөрхөн кондуктор вэ? гэж бодох зуур мөнгөө гаргаж өглөө.
Үнэхээр царайлаг юмаа гэж бодоод дахин хартал хажууд байсан ах гуай бас түүнийг ширтэн сууна.

Бодвол надтай ижил бодолтой байсан бөгөөд түүний хөөрхөн царайнаас нүдээ салгахыг ч хүсээгүй биз дээ. Тэрхэн үед
"Гоо сайхан ертөнцийг аврана." гэсэн үг тархинд харван орж ирэв. Бодолд автав. Гоо сайхан ертөнцийг авардаг байтал энэ хөөрхөн кондуктор өдрийн турш хоёр хөл дээрээ зогсон элдвийн хүмүүст билет таслах нь ямар авралгүй ертөнц вэ? гэж бодход хүргэв...
Ийм хөөрхөн байж кондуктор хийгээд зогсож буй түүний энэ хувь тавилангийн буруутан нь магадгүй өөрөө байсан бизээ.
Азгүй л байна даа гэсэн бодол төрлөө.
Түүний толгойд юу байдаг бол? Тэр оюутан байхдаа ямар охин байсан бол? Хичээл номоо хийдэг байсан болов уу? Эсвэл өдөр бүр болзоонд явж ...
Түүний одоогийн мөрөөдөл зорилго нь юу юм бол?
Яагаад кондуктор хийж байгаан бол? гэсэн түмэн бодол толгойд эргэлдэнэ.


Эцэг эхээс түүнд хөөрхөн царай заяажээ. Гэхдээ түүний хөөрхөн царай ертөнцийг биш юмаа гэхэд өөрийг нь аварсан уу? гэдгийг бодох л хэрэгтэй.

Эмэгтэй хүн гаднаасаа гоо үзэсгэлэнтэй байхын сацуу дотроосоо гэрэлтэж гэмээн төгс гоо үзэсгэлэн бүрддэг гэсэн үг байдаг даа.
Гадна арьс дангаараа байвал жаргалд бус зовлонд л хөтлөнө. Харин дотоод гоо үзэсгэлэн дангаараа таныг аз жаргалтай болгож чаддаг.
Гэхдээ дотоод гоо үзэсгэлэнгээ хүн өөрөө л цогцлоох ёстой байдаг.
Яаж гэж үү? Яаж гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хариулт таны дотор байдаг юм.
Ухаантай бай!!! Ном унш л даа. Ном уншсан хүн ухаантай болдог юм. Үнэхээр номноос хүн асар ихийг ойлгож чаддаг. Ухаарлыг авч чаддаг.
Ном унших тусам чи өөрийгөө илүү ойлгож ямар юу ч мэддэгүй өчүүхэн тэнэг вэ? Гэдгээ ойлгоно.
Юу ч мэддэггүй хүнд л бүх зүйлс болоод байгаа юм шиг санагддаг юм. Бүх юмс ойлгомжтой ч юм шиг.
Харин улам бүр мэдлэг авах тусам чиний мэдэхгүй, ойлгохгүй зүйлс улам бүр л нэмэгдээд байдаг юм. Тэр хэмжээгээрээ чи өөрийгөө юу ч мэддэггүй гэдгээ ойлгож улам бүр даруухан болох шаардлага гардаг.
Их мөрөн дөлгөөн гэдэг үг байдаг. Тиймээ миний хэлэх гэсэн санаа энэ.
Өөртөө хэт бардаж, ихийг мэддэг царайлж, элдвийн зүйлсийг амныхаа зоргоор ярьж байгаа нь таныг их мэдлэгтэй гэдгийг бус харин юу ч мэддэггүй хоосон толгойтойг чин л илтгэж байдаг. Би юунаас их айдаг гэдгийг мэдэх үү? Эдэв долоон юм чалчиж байдаг хагархай хэнгэрэгнээс биш чимээгүйхэн инээмсэглээд сууж байдаг тэр даруухан андаасаа айдаг. Чимээгүй байх нь заримдаа асар ихийг хэлж байдаг юм.
Охидуудаа, хайран цагаа элдвийн хов живийг ярилцан өнгөрөөж байтал оюутан байх эрх нэг л мэдэхэд дуусдаг юм. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Тунг нь тааруулж байвал бүх зүйлс аяндаа болноо. Манай Хүрээгийн хөвгүүд покер тоглож, PC-нд өнжих зуур охидууд маань ам хуурайгүй элдвийг ярилцаж хөхрөлдөн суух нь арай дэндээд байна уу гэж бодсон юм. Энэ чигээрээ үргэлжлээд байвал Хөөрхөн кондукторын түүх хэзээ ч дуусахгүй шинээр төрөн гарсаар л байх болно....
Зун болсон бол өвөл болдог юм. Гэхдээ намар нь сайн бэлтгэлээ базаавал өвлийн улирал үнэхээр гоё шүү!!!



Monday, August 10, 2009

Гурван жилийн дараа гэнэт ухаан ордог тэгээд нэг жил нь диплом авахын тулд шар махтайгаа хатна.


Хүрээ Дээд Сургуулийн жирийн нэгэн оюутан залуу, хичээлээ тараад юу хийдэг бол? гэж ер бодож байсан уу?
Хичээл эрт тарчихлаа, ашгүй дээ цонхтой гэнээ.... гэсээр ангиасаа уван цуван гарч буй залуус хаашаа тэгтлээ яарна вэ?
Нөгөө л Бадмаараг, Нөгөө л Төгөлдөр , Нөгөө л Үүрээгийн PC.
Энэ гурван газар эргэлдсээр өдрийг барна. Маргааш нь энэ бүхэн яг л адил давтагдана. Заримдаа бүр хичээлээ таслаад покер тоглож, PC-нд өнжих нь ёс юм шиг.
Хоног өдрүүд өнгөрсөөр... Нэг мэдэхнээ төгсөх болчихсон байгаагаа ухаарна. Дөрвөн жил ямар хурдан юм бэ? гэж худлаа баахан цагийн хойноос харуусана. Үнэндээ цаг хугацаа биш өөрөө усран өнгөрч буйгаа ч үл анзааран гаслана. Цаг хугацаа хэзээ ч урсаж алга болохгүй эцэс төгсгөлгүйгээр үргэлжлэх болно, харин хүмүүн бидэнд хязгаар бий.
Сурсан мэдсэн юм байна уу? Төгсөөд яана даа? гэсэн бодол хүн бүрийн толгойг гашилгана.

Одоо дипломын ажлаа яаж хийнэ дээ? Гэсээр сэдэв сонголттойгоо тулгарна. Үстэй толгойгоо зулгайж, шар махтайгаа хатаж сургууль дээрээ хонон өнжин байж хугацаанд нь багтааж дипломоо хамгаалах цагтай тулгарна. Хүссэн хүсээгүй төгсөхөөс хойш гээд нэг сэдэв сонгоод хийсэн болдог.

Юу вэ? Бид гурван жилийг дэмий урсган өнгөрүүлж үлдсэн ганц жилээ дипломоо авахын төлөө зүтгэсээр дуусгаж байгаа юмуу?
Тэр диплом тэгээд хэнд хэрэгтэй гэж?
Боддоо!!! Одоо дипломын дүнгээр хүнийг үнэлдэг цаг аль хэдийнэ өнгөрснийг бид бүгд мэднэ. Гэхдээ дипломоо аваад төгсөнө шүү!
Тэгээд төгсөлтийн баяраа хийж дуусаад нэг сайхан наргиж аваад амьдрал гэдэг зовлонгийн далайд унчихаад ажил ажил гээд л ....
Ажил олдохгүй байна. Юу ч хамаагүй хийж гарна. Удалгүй
оюутан байхад сайхан байж дээ гээд л дурсаж эхлэнэ.

Энэ бүгд жил бүр л давтагдана. Аргагүй шүү дээ.
Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл би дээр хэлсэн байгаа. Гурван жилийн дараа гэнэт ухаан ордог тэгээд нэг жил нь диплом авахын тулд шар махтайгаа хатна.

Оюутнуудаа !!! жоохон бодитойгоор сэтгэх цаг одоо болсон. Хоёр биш юмаа гэхэд нэг алхмын цаад талыг харж явбал бидэнд илүү дэмтэй байх болноо. Одоо шинэхэн оюутан болж байгаа залуустаа хэлэхдэд Ах эгч нарынхаа алдааг битгий давтаарай. Алдаан дээр нь суралцаад гар, хийгээгүй зүйлийг нь хийгээд гар, мэдээгүй зүйлийг нь мэдээд гар. Тэгэвэл дээрхтэй адил ирээдүй таныг дайрч биш тойрч гарах болноо.

Намайгаа сайн шүүмжилж comment сайн үлдээж байгаарай.

Өнөөдрөөс эхлээд "Миний нийтлэл" буландаа өөрийн бичсэн нийтлэлүүдээ тавьж байх болно.
Дөнгөж сурч байгаа болхоор сайхан муухайдаа гол нь биш, бичих нь л чухал байна.
Намайгаа сайн шүүмжилж comment сайн үлдээж байгаарай.
Хүндэтгэсэн Л. Золзаяа