Wednesday, February 17, 2010

Хонгилын үзүүрт гэрэл байна!!!



Санамсаргүй гэх нь хаашаа юм, санаатай гэх нь ч хаашаа юм. Нэг л мэдэхэд би энэ сургуулийг сонгоод нэг хоёр жилийг ардаа орхижээ. Курс дээшлэх бүрт төгсөөд яах вэ гэсэн бодол толгойд үе үе орж ирэх боллоо. Уг нь мэргэжилдээ бусад оюутан шиг дур сонирхолтой байсан бол ийм асуулт надад тулгарахгүй байх байсан. Гэтэл би өөрийгөө юунд дуртайгаа ч мэдэхгүй явсаар одоо энэ мэргэжлийг сонгон суралцаж байна. Сүүлдээ хичээлдээ үнэхээр дур сонирхолтой эсэхдээ эргэлзэх боллоо. Эргэлзээ үүссэн учраас өөртөө итгэх итгэл минь буурсаар. Итгэл минь алдарч байгаа болохоор сурах хүсэл минь унтарч байна.
Дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ гэгчээр би өөрийгөө хүчлэн сурч байна. Сургалтын төлбөрийг минь төлчихсөн болохоор надад муу сурах эрх байхгүй...
Үнэндээ


сургуулиа сайн төгсөөд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажлаад явахыг хүсэж байна. Аав ээж минь ч гэсэн тийм бодолтой байгаа. Гэвч олон олон аавын охид хөвгүүдийн хүсэл мөрөөдөл их сургуулиа төгссөний дараа үүлс болон замхарч, уур болон дэгддэг нь гашуун үнэн. Нэг хэсэг нь “дипломын гол” гэж нэрлэгдэн, ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орно.Харин нөгөө хэсэг нь тэс хөндлөн замыг сонгон лангууны ард зогсдог дипломтой худалдагч болж хувирана.
Гол шалтгаан нь юу юм бол? Та бодож үзсэн үү?
Юу ч байлаа гэсэн чин үнэндээ би тэдний нэг байхыг хүсэхгүй байна. Ааваа ээжээ, хүү нь\охин нь\ тийм нэгэн болохыг хүсэхгүй байна. Би амжилтанд хүрэхийг л хүсч байна. Гэхдээ яаж ???
Ингэхэд би юунд чадвартай, юунд авъяастай юм болоо? Одоо болтол өөрийгөө сайн мэдэхгүй л явна. Өнөөдөр номын дэлгүүрт ороод хэдэн ном гарчиглах зуур амжилтын тухай нэгэн тодорхойлолтыг санамсаргүй олж уншлаа.
“Амжилт нь хийж буй зүйлдээ дуртай байх, эсвэл дуртай зүйлээ хийх явдал.” гэсэн нэгэн суутны хэлсэн үг толгойнд минь одоо ч гэсэн бодогдсоор...
Үүнийг уншаад хонгилын үзүүрт гэрэл байна гэж бодлоо. Тиймээ, нуулгүй үнэнээ өчье. Би одоо дуртай зүйлээ хийж байгаа эсэхдээ, дуртай чиглэлээрээ сурч байгаа эсэхдээ эргэлзэж байна. Гэхдээ хийж байгаа зүйлдээ дуртай болж чадвал амжилт ирэх болно гэдгийг ухаарлаа. Үүний төлөө би одооноос бүхнийг хийх болно. Эс бөгөөс би өөрийн дурлан хийж чадах тэр зүйлээ заавал, заавал олох болно. Надад амжилт хүсээрэй !!!
Энэхүү нийтлэлийг надтай адилхан асуудал тулгарсан оюутан бүрд зориулав. Зүрний дуудлагаа дагаарай !
Zozoloo.
zozoloo.blogspot.com


No comments:

Post a Comment