Friday, October 29, 2010

Агаарын хөлгөөр зочлогсод...


2010 оны 10 дугаар сар 28 өдөр болсон Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөрийн найм дахь удаагийн хичээл Агаарын хөлөг дээр амжилттай болж өндөрлөө. Хүн бүхний хэлж заншсан “нисэх онгоц” гэдэг үгийг энд мэргэжлийн хүмүүс “Агаарын хөлөг ” гэж нэрлэдэг нь миний хувьд их л содон, өвөрмөц нэршил мэт санагдлаа.
Залуу манлайлагчид маань 12:00 цагт EZNIS компаны төв байраар зочилсон бөгөөд Захирал Цоодол биднийг халуун дотноор хүлээн авч угтсан юм. Энгийн, ухаалаг яриатай энэ эрхэм хүн залуус бидэнтэй хэзээний найзууд шиг халуун дотно уур амьсгалыг төрүүлж байсан бөгөөд гол захиж хэлсэн зүйл нь “Толгойгоо цэнэглэ” гэж хэлж байсан юм. Дөч гаруй улс орноор аялаж үзсэн хүний яриагаар :
- Манай залуус эдлэж хэрэглэх, өмсөж зүүхээр хаана ч дутахгүй. Гагцхүү толгойн дахь мэдлэгээрээ л дутаж байгаа шүү. Тиймээс цаг ямагт суралцаж, толгойтойгоо ажилла. Залуучууд та бүхэн мөрөөдөлтэй бай, хамгийн бага мөрөөдөл чинь Захирал болох гэж мөрөөдөх хэрэгтэй. Мэдлэг боловсрол, ур чадвараа сайжруул гэж захиж байсан юм.
13:30 минутын үед бид EZNIS –ийн төв байрнаас маркетингийн албаны Заяа гэдэг хөөрхөн охинтой “Чингис Хаан” нисэх онгоцны буудал руу явцгаалаа. Ингээд түүний тусламжтайгаар нислэгийн талбайн хориотой бүсэд чөлөөтэй нэвтрэх эрхтэй боллоо.
Нислэгийн талбай дээр биднийг явган явахыг хориглосон бөгөөд автобусаар зөөж байлаа.
Магадгүй миний хувьд аймаар том гэж төсөөлж байсан тэр онгоц маань
очоод үзэхэд орон нутгийн 30 гаруй хүний суудалтай жижигхээн онгоц байсан юм. Дотор талыг нь харвал автобустай төстэй ч юм шиг санагдаж байлаа. Гэхдээ л их гоё санагдаж байлаа.
Манайхан л болсон хойно зургаа авхуулах ажиллагаандаа шууд орсон юм. Нисгэгчийн суудалд суугаад ээлжлэн авхуулах гэж бөөн оочер үүссэн байлаа.
“Болжийна уу ? Одоо намайг дараарай...” гээд л...

Дараа нь бид тэнд байрлах үндсэн оффисуудаар нь зочилж арын албаныхантай танилцацгаалаа. Тэдний бүхий л үйл ажиллагаатай нь танилцсан маань мэддэггүй байсан олон зүйлүүдийг ойлгуулж өгсөн юм. Бас ганцхан агаарын хөлөг хөөргөхийг тулд ямар их хүний нөр их хүч хөдөлмөр ордгийг харсан билээ.

Манай хөвгүүдийн хувьд хамгийн их хархахыг хүссэн хүмүүс нь “Онгоцны үйлчлэгч эмэгтэйчүүд” байлаа. Тэд нарыг харж болох уу? Өрөөндөө байгаа юу? Гээд л Харамсалтай нь тэдний өрөөнд ороход эмэгтэй биш эрэгтэй гурван үйлчлэгч байсан нь цочир сонин... Өндөр биш намхан. Туранхай биш гэхдээ тарган биш, царайлаг биш... гэхдээ царай муутай ч биш...


Ингээд бид бүгдийн аялал 4 цагийн үед өндөрлөсөн юм.
Бичигч миний хувьд Онгоцны буудал дээр ирж очихдоо хөтөлбөрийн зохицуулагч Энхээ эгчийн машинд, EZNIS-ийн маркетигийн Заяатай , хөтөлбөрийн (Болороо, Заяатай) хамт сууж ярилцаж явсан бөгөөд нэг л юм хамгийн их таалагдсан юм. Маркетингийн охин маань зогсоо зайгүй компаныхаа тухай, үйл ажиллагааныхаа тухай, тэдэнд учирдаг бэрхшээлийн тухай маш дэлгэрэнгүй ярьж явсан бөгөөд ярих бүртээ өөрийнхөө компаныг маш их магтаж, дарга, ажилчид, хамт олноо магтаж, тэдэнтэй хамтран ажилладагтаа үнэн голоосоо бахархаж ярьж байсан юм. Эндээс бидний хийсэн дүгнэлт нь : EZNIS компани өөрсдийн ажилчиддаа 100%-ийн сэтгэл ханамжийг өгч чаддаг, шудрага өрсөлдөөнийг үүсгэж чадсан, зөв менежменттэй өсөх ирээдүйтэй компани юм байна гэдгийг ойлгосон юм. Харин Заяагийн хувьд ажлаа маш сайн мэддэг, хаанаас нь юу ч асуусан түгдрэлгүй хариулдаг, харилцааны соёлтой боловсролтой бүсгүй мэт санагдлаа.

Аюулгүй байдал, үйлчилгээ хоёрыг эрхэм зорилгоо болгосон энэ шинэхэн боловч хүчирхэг хамт олноор үйлчлүүлэхдээ би болон манай хамт олон хэзээд баяртай байх болноо. Би нисдэг л юм бол ямар ч эргэлзээгүйгээр EZNIS-г сонгох болноо. Биднийг халуун дотноор хүлээн авсан танай хамт олонд баярлалаа. Амжилт хүсье. Залуу лидерүүд та нартай хамт шүү...

No comments:

Post a Comment