Friday, December 10, 2010

Та хүн мөн үү?


"Хүний эрх" гэдэг өөрөө хүн болгоны мэддэг сэдэв боловч бас нөгөө талаараа хүн бүрийн мэддэггүй зүйл байдаг. "Хүний эрх гэж юу вэ?" гэж асуувал та юу гэж хариулах вэ? Ер нь эрхээ мэддэг байх шаардлагатай юмуу? Энэ юунд хэрэгтэй юм бол? Энэ талаар ямар мэдлэгтэй вэ? Мэдээллээ хаанаас авах ёстой вэ? гээд олон олон асуултууд гарч ирэх байх. Гэтэл хариулт нь хаана байна вэ? Хариултыг нь хайж байгаа хүмүүс хэр олон бол?

Хуулинд хийж болно гээд зөвшөөрөгдсөн бүхэн бидний эрх мөн байж чадах уу? Тэгвэл хуулиар батлагдаагүй үлдсэн бүхэн юу болох вэ?
Та эрхээ эдлэнэ гэхийг юу гэж ойлгож байна?
Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг үнэн үү? санал нийлж байна уу? Яагаад?

Ажил дээрээ ч юмуу гэртээ байж байтал гэнэт нэг цагдаа орж ирээд таныг баривчлах тушаалтай байна, дагаад явна уу гэвэл та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Энд таны эрх зөрчигдөж байна уу?

Хүний эрх гэдэг угаас биднийг хүн болж төрөхөд л заяагдсан жам ёсны зүйл байдаг. Эрх бол өөрөө хүний хэрэгцээнээс урган гарч ирж байдаг заяамал зүйл юм. Угаас төрлөхийнх учраас түүнийг хуульчилж тогтоох эрх хэнд ч байхгүй байдаг гэсэн үг гэж ойлгоном. Түүнийг зүгээр л улс орон бүр өөр өөрийн хэм хэмжээнд хуулиар баталгаажуулж өгдөг л байх.


Амьд явах, Халдашгүй эрх чөлөөтэй байх, Өмч хөрөнгөтэй байх гэсэн үндсэн гурван эрхэнд тулгуурлан хүний эрх урган гарч байдаг гэж ойлгож байна. Тэгвэл таны эрх яг одоо зөрчигдөөгүй гэдэгт итгэлтэй байна уу? Үүнийг мэдэхийн тулд хүнд хамгийн ойрхон байдаг бичил ертөнцөөс харж дүгнэж болно. Тэр нь Гэр бүл, найз нөхдийн хүрээлэл, ажлын байрыг хэлж байгаа юм.

Хэрэв зөрчигдөж байгаа бол хамгийн түрүүнд хаана, хэнд хандах хэрэгтэй вэ? Үнэндээ үүнийг би ч бас мэдэхгүй л байна. Би хүний эрхийн мэргэжилтэн биш. Зүгээр л эрхээ мэдэхийг хүсч буй энгийн нэгэн иргэн хүн. Дээрх асуултуудын хариултыг хайж буй жирийн нэгэн ажилтан.

Бид яагаад эрхээ мэдэхгүй байна вэ? Гэтэл хүний эрхийн талаар ойлголтуудыг хүмүүст түгээж чадаагүй нь хэний буруу вэ?

Эцэст нь Хүний эрхийг эдлэх цорын ганц нөхцөл нь хүн байх явдал гэж ойлгоном. Та хүн мөн үү? Тэгвэл таны эрх юу вэ?

No comments:

Post a Comment